БОАЖЯ-аас НОГООН ПАСПОРТ аяны хүрээнд

blog-1

БОАЖЯ-аас НОГООН ПАСПОРТ аяны хүрээнд

Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн аюултай үйл явцын нэг нь дэлхийн дулаарал юм. Дэлхийн уур амьсгал байгалийн жамаараа бус хүний нөлөөллийн улмаас өөрчлөгдөж ундны ус хомсдож, хөдөө аж ахуй эрхлэх нөхцөл эрс өөрчлөгдөж, үер, хар салхи, ган гачиг зэрэг байгалийн гамшгийн улмаас олон хүний амь үрэгдэж болохыг эрдэмтэд таамаглаж байна. Тэгвэл бид юу хийж чадах вэ? Эхлээд бид уур амьсгалын өөрчлөлт нь хүн бүрийн асуудал юм гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Тогтвортой амьдралын хэв маяг, хэрэглээнд шилжихийн тулд өнөөгийн амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийх нь хүн бүрийн гүйцэтгэх хамгийн чухал хувь нэмэр юм. Хэт их хэрэглээний ард нөөцийг ихээр ашиглах, ядуурлыг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг өөгшүүлэх зэрэг сөрөг үзэгдлүүд нь уур амьсгалын өөрчлөлттэй хавсран бидний тогтвортой амьдрах боломжыг бууруулж байна. Хүүхэд, өсвөр үеийнхний байгаль - экологийн боловсрол яагаад чухал вэ? Залуу үеийнхэн энэ гаригийн оршин суугч, хэрэглэгч, тэмцэгчийнхээ хувьд өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч нь байж, амьдралын зөв хэв маягийн манлайлагчид байж чадна. Энэ дэлхийн үндсэн оршин суугчид болох хүүхэд, залуусын тоо өсөн нэмэгдсээр байна. Тэд хувцас хунар, хоол хүнс, тоног төхөөрөмж, аялал, үзвэр үйлчилгээний үндсэн хэрэглэгчид.

Тэднийг насанд хүрэгч болж төлөвших явцад байглийн нөөц улам бүр хомсдсоор байх болно. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан “Ногоон паспорт” аянд Ерөнхий боловсролын 778 сургуулийн 168 мянган сурагчийг хамруулж, ирээдүйд байгальд ээлтэй, хариуцлагатай иргэдийг бэлтгэх нөлөөлийн том ажил болж чаджээ. Уг аян нь өрх бүрд өсвөрийн байгаль хамгаалагч, шинэ эриний иргэдийг бэлтгэхээс гадна тогтвортой хөгжлийн зорилтуудад иргэдийн оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэх зорилготой юм. БОАЖЯ-аас НОГООН ПАСПОРТ аяны хүрээнд Олон улсын Найрамдал цогцолборт 2019 оны 4-р сарын 6-11 хооронд зохион байгуулагдаж буй Эко клубүүдийн шилдэгүүдийн форумд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс 350 гаруй багш, сурагчид оролцож байна.