Worldwaterday 2019 Дэлхийн усны өдөр 2019 Найрамдалl

blog-1

Worldwaterday 2019 Дэлхийн усны өдөр 2019 Найрамдалl

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны өдөр” хэмээн зарлан тунхагласнаас хойш өдгөө дэлхийн олон улс орон цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахаар энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн Усны Өдөр нь жил бүр тодорхой онцлог сэдвийг хөнддөг бөгөөд 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй Усны шийдэл” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бол 2019 оны Дэлхийн Усны Өдөр “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” гэсэн сэдэвтэй байх юм. Хүний амь, амьдрал уснаас бүрэн хамааралтай байдаг тул усны чанар, нөөцийн асуудал хүний эрхийн асуудлын нэг байх нь зүй ёсны хэрэг юм. Цэвэр усаар хангагдах эрхийн талаар хамгийн анх 1977 онд Map дэ Платагийн төлөвлөгөөнд орсон байдаг. Үүнд: “Эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн төвшнөөс үл хамааран хүн бүр ундны усны үндсэн хэрэгцээгээ ижил хэмжээ, чанарын төвшинд хангуулах эрхтэй” гэж заажээ. Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь цэнгэг усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна. Цаашид энэ хэмжээ улам өсч 2025 онд дэлхийн хүн амын гуравны хоёр нь ийм нөхцөлд амьдарч болзошгүй байна гэсэн мэдээллийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан байна. Хүний амьдралын ая тухтай орчин, биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийн эрх, амьдрах, хүн нэр төртэй байх, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг маш олон эрхийн хангагдах үндэс, суурь нь цэвэр усаар хангагдах эрх болдог. Нийслэл хотын нийт иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдгээр иргэд шаардлага хангасан усан хангамж, ариутгах татуургын системгүй байна. Энэ нь ахуйн орчноос үүдэлтэй өвчлөл, хөрсний биологийн бохирдлыг үүсгэх үндэс нь болдог. Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг иргэд ундны цэвэр усанд хайр гамгүй хандаж, усыг гамнах, хамгаалах сэтгэхүй, ухамсаргүйн улмаас хоногт 200 литр ус хэрэглэдэг гэсэн судалгааны дүн байна. Гэтэл өндөр хөгжилтэй, усны үнэ цэнийг хамгийн эрхэмд тооцдог Саудын Арабт нэг хүн хоногт дунджаар 150 литр, Германд 100-110 литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг юм байна. Усыг монголчууд эртнээс чандмань эрдэнэ хэмээн дээдэлж, амьдралын эх булаг хэмээн шүтэж ирсэн. Байглийн нөөцийг зөв зохистой ашиглаж усны нөөцийг хайрлан хамгаалах үйлсэд хүн бүр хувь нэмрээ оруулах зүйлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.