Тэргүүний сурагчид Найрамдал цогцолборт амарч байна

blog-1

Тэргүүний сурагчид Найрамдал цогцолборт амарч байна

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” Цогцолборын 2019 оны 2-р ээлж дуусахад 1 хоног үлдлээ. Манай цогцолборын энэхүү ээлжинд Өвөрхангай аймгийн тэргүүний сурагчид ирж амарч байгаа юм.

Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг Хүүхдийн Хөгжил, Хамгааллыг Дэмжих жил болгон зарласан бөгөөд хэд хэдэн томоохон ажлуудыг зохион байгуулсаны нэг нь оны тэргүүний анги хамт олныг шалгаруулах болзолт уралдаан байсан. Энэхүү болзолт уралдаанд Өвөрхангай аймгийн 19 сумын 29 сургуулийн 714 анги хамт оролцсоны эхний 3 байранд орсон анги хамт олон болон 9 номинацид тэргүүлсэн 9 тэргүүний сурагчид Найрамдал цогцолборт ирж амраад байна.

Ингээд бид Монгол Улсын Шилдэг хүүхэд, Өвөрхангай аймгийн Тэргүүний хүүхэд, оны Онцлох хүүхэд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн 11в ангийн сурагч Н.Энхдэлгэртэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Найрамдал.Чамд Шинэ оны мэнд хүргэе мөн МУ-ын шилдэг хүүхэд болсонд баяр хүргэе! Найрамдал цогцолборт амарсан сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу?

Энхдэлгэр. Баярлалаа. Би Монгол Улсын Шилдэг хүүхэд, Өвөрхангай аймгийн Тэргүүний хүүхэд, оны Онцлох хүүхэд болоод Найрамдал цогцолборт ирж амарч байгаадаа маш их баяртай байна. Би анх удаа Найрамдал цогцолборт амарч байна. Би Найрамдалын 2019 оны 1 болон 2-р ээлжүүдэд дамнан амарч байна энд ирээд 7 хоноод байна. Маргааш буцна. Энд ирээд би маш олон найзтай боллоо. Олон гоё сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдлаа. Найрамдал цогцолборын хөгжлийн хөтөлбөрүүд бүгдээрээ сонирхолтой юм. 7 хоногийн дотор бүх хөтөлбөрүүдэд хамрагдаж амжсан. Өдөр бүр өөр өөр хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан болохоор хэдий 2 ээлж дамнан амарч байгаа ч гэсэн уйдахааргүй хөгжилтэй байлаа.

 

Найрамдал.Чи хэрхэн шилдэг хүүхэд болсон талаараа бидэнтэй хуваалцаач.

Энхдэлгэр. Би Байгаль хамгаалал – Эрүүл аюулгүй байдал номинацид тэргүүн байр эзэлж оны шилдэг хүүхэд болсон. Би сургуулийнхаа 30 гаруй гишүүнтэй “Ногоон төгөл” эко клубын ахлагч. Анх энэ клубд элсэн орсноос хойш 8 жил болж байгаа бөгөөд 2014 оноос одоог хүртэл ахлагчаар ажиллаж байна. Манай клуб 2018 онд 4 аян, 8 үйл ажиллагаа зохион байгуулсан байгаа. Жишээ дурьдвал 1000 цэцгийн аян зохион байгуулж анги болгоныг 30-аас дээш цэцэгтэй болгож сургуулиа бүрэн цэцэгжүүлсэн. Сургууль маань яг л цэцгийн хүлэмж шиг болсон. Мөн аймгийнхаа хүүхдийн паркд 30 хайс, 900 гаруй мод тарьсан.  

Найрамдал.Байгаль хамгаалалд хүүхдүүдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэж болохыг харуулж бусад үе тэнгийнхэндээ үлгэр жишээ болж байгаа чамд талархал илэрхийлэе. Байгаль орчхныхоо төлөө хүүхдүүд та бүхэн насанд хүрсэн хүмүүсийн адил санаа тавьж нилээд томоохон ажлуудыг бие даан хийжээ. Эдгээр ажлуудыг санаачлан хийхэд юу нөлөөлөв.

Энхдэлгэр. Хүн болгон байгаль эх дэлхийтэйгээ хүйн холбоотой байдаг. Харсаар байхад цөлжилт болоод дэлхийн дулаарал явагдаад байхад зөвхөн томчуудыг хараад суулгүйгээр ах эгч, найз нөхөдтэйгөө хамтраад хувь нэмэрээ оруулахыг хүссэн юм. Ядаж л хог харагдвал хогийн саванд хийгээд сурчихая гэж бодсон тэгээд ийм гоё эко клуб байна түүнийг сургуулиас дэмжээд байхад түүнийг ашиглаад байгаль орчиноо хамгаалах ажлыг зохион байгуулж болох юм байна гэж бодсон.

Найрамдал. Хүүхдүүд та нар санаачлага гаргаад байгаль орчныхоо төлөө ажлуудыг зохион байгуулахдаа насанд хүрэгчдийн дэмжлэг авч байсан уу?

Энхдэлгэр. Эдгээр ажлуудыг зохион байгуулахад олон бэрхшээл тохиолдож байсан. Мэдээж сургуулийн сурагч жоохон хүүхэд очоод санхүүгийн туслалцаа үзүүлээч гэхэд хэн ч байсан шууд за гэхгүй нь ойлгомжтой гэхдээ хүүхдүүд бид өөрсдөө идэвх санаачлагатай, тууштай байх юм бол болдог юм байна гэдгийг харлаа. Манай чиглүүлэгч багш нар, аймгийн удирдлагуудаас гадна олон байгууллага хамт олон бидний ажлыг маш сайн дэмжиж ажилласаны нэг нь Дэлхийн Зөн олон Улсын байгууллага. 1000 цэцгийн аяныг маань манай сургуулийнхан маш сайн дэмжсэнд баярладаг.

Найрамдал. Танай клубын сурагчид 2019 онд олон ажил хийхээр төлөвлөсөн байх. Хийхээр төлөвлөж буй ажлуудаасаа бидэнтэй хуваалцаач.

Энхдэлгэр. 2019 оныг манай Өвөрхангай аймаг “Ногоон боловсрол олгох жил” гэж зарласан. Манай сургуулийн хойно маш том талбай байдаг тэр талбайг цэцэрлэгжүүлэх, мөн паркдаа өшөө олон мод нэмж тарих цаашлаад аймгийнхаа хэмжээнд олон үйл ажиллагаа зохион байгуулна гэж бодож байна.

Найрамдал. Бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Чамд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе. Төлөвлөсөн ажлуудаа амжилттай хийж дуусгаад эргээд баяртай уулзахын ерөөл дэвшүүлж байна.

Энхдэлгэр. Баярлалаа. Төлөвлөсөн зүйлсээ дуусгаад дахин Найрамдалдаа ирж амрахыг хүсч байна. Баяртайгаар дахин уулзанаа. Баяртай.