Ерөнхий захирлын мэндчилгээ

blog-1

Ерөнхий захирлын мэндчилгээ

 

Эх орныхоо ирээдүй болсон өсвөр үеийнхнийхээ сайн сайхны төлөө Монголын ард түмний бүтээсэн баялаг түүх, уламжлал, бүтээн байгуулалтын нэг нь хүн бүрийн сэтгэлд тодоор дүрслэгддэг, үлгэрийн гайхамшигийг мэдрүүлэм дүр төрхтэй хүүхдийн гүрэнт улс “Найрамдал” цогцолбор билээ.

Алс тэртээх 50 гаруй жилийн өмнөөс Монгол улсад олон улсын хүүхдийн зуслан баригдах тухай асуудал хөндөгдөж, тэр үеийн хүүхэд, залуучуудын байгууллагын удирдлагууд судалгаа хийж, зураг төслийг боловсруулж, баригдах газрыг нь олон талаас дүгнэж, хэрэгжүүлсэний дүнд 1978 онд анхны барилга байгууламж, амрагч хүүхдүүдээ хүлээн авсан тус зуслан өнөөдөр жилдээ 40,000 гаруй хүүхэд, багш, эцэг эхчүүдийг хүлээн авч тэдний хэрэгцээт хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагаагаа зориулдаг томоохон цогцолбор болон хөгжиж ирлээ.

Хүүхэд, өсвөр үеийнхний дунд зохион байгуулах хөгжлийн хөтөлбөрийн арга зүйгээрээ Оюуны өмчтөн болж, зуслангийн үйл ажиллагаанд тавигдах стандартыг санаачилан боловсруулж, Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001 стандартыг нэвтрүүлсэн анхны хүүхдийн байгууллага болсон зэрэг олон амжилтыг дурдаж болно.

Найрамдал”-д ирж амрах хүсэл тэмүүлэлтэй хүүхдийн эрэлт хэрэгцээ жилээс жилд тасралтгүй өсөн нэмэгдсээр байна. Энэ бол тус цогцолборт ажиллаж байгаа бид бүхнийг хүүхдийн төлөө улам ихийг санаж сэдэж, эрч хүчтэй ажиллахыг шаардаж байгаа хэрэг юм.

Улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө нэгэн насны ажил амьдралаа бүрэн зориулж зүтгэхийн төлөө “Найрамдал” цогцолборын өнөөгийн хамт олон бид урам зориг дүүрэн “Хэзээд бэлхэн” байна.

Эх орныхоо ирээдүйд чиглэсэн хөгжил, хөрөнгө оруулалтанд санаа сэтгэл нэгдэж, хүүхдийн төлөө хамтран ажилладаг байгууллага хамт олон, үе үеийн ажилтан албан хаагчид, амрагч хүүхдүүд тэдний гэр бүлийнхэнд улс үндэсний хүүхэд багачуудын үерхэл нөхөрлөлийн бэлгэ тэмдэг төрөлх “Найрамдал” цогцолборын тань үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхний дээдийг бэлэглэн ерөөе.

 

Та бүхнийг хүүхдийн ариун сэтгэл үргэлж ивээж байх болтугай!