​ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН “НАЙРАМДАЛ” ЦОГЦОЛБОР БОЛОН ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ТӨВ “АРТЕК”

blog-1

​ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН “НАЙРАМДАЛ” ЦОГЦОЛБОР БОЛОН ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ТӨВ “АРТЕК”

Холбооны улсын төсөвт боловсролын байгууллага "Олон Улсын Хүүхдийн "Aртек" Төвийн Боловсрол хариуцсан дэд захирал Денисов Антон Анатольевич, Гадаад харилцааны хэлтэсийн дарга Лазарева Нина Егоровна нар "Олон Улсын Хүүхдийн "Aртек" Төв болон Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" Цогцолборын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар хүрэлцэн ирээд байна.

 

Уг хэлэлцээрт Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" Цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэн, "Олон Улсын Хүүхдийн "Aртек" Төвийн Боловсрол хариуцсан дэд захирал Денисов Антон Анатольевич нар гарын үсэг зурлаа. ОУХНЦ болон "ОУХТ "Aртек" нь олон жил найрсаг харилцаж хамтын ажиллагаатай байсаар ирсэн бөгөөд улс үндэстний хүүхэд өсвөр үеийнхний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээллийг олгох, авъяас чадварыг нээх, тэдний амарч, хөгжих эрүүл таатай орчинг бүрдүүлэх хүүхэд, залуучуудыг шинэ зууны иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийн төлөө ажилладаг тус 2 зуслангын удирдлагууд үеийн үед хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэх хамтын ажиллагааны чухал ач холбогдолыг хүлээн зөвшөөрч энэхүү хэлэлцээрийг байгуулав. Энэхүү хэлэлцээрийн зорилго нь багш, удирдагчдын, амрагч хүүхдүүдийн солилцооны хөтөлбөр, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг арга замаар хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд бодит хувь нэмэр оруулахын тулд харилцан зөвшилцөж, мэдээ мэдээллээ хуваалцаж, туршлага солилцож хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахад оршиж байгаа юм. 2018 онд Найрамдал цогцолборын 40 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн цаг үед ОХУ-н "ОУХТ "Aртек" хамгийн том хүүхдийн зуслан хамтын ажиллагааны гэрээ байгуулж Олон улсын боловсролын болон соёлын солилцоо, олон улсын хөтөлбөр, боловсролын салбарын төсөлүүд, хүүхдүүдийн амралт, сайн дурын ажилтан зэрэг тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахаар болж байна.